2012-01-09
Боксчид цугларалтад гарчээ
Казахстан улсад хамтарсан бэлтгэл хийгээд, хоёр ч тэмцээнд оролцоод оны өмнөхөн эх орондоо ирсэн Монголын олимпийн боксын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр орой Булган аймгийн Хангал суманд байрлах “Олимп” баазыг зорьжээ. Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шигшээ багийн үндсэн тамирчдаас гадна эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч Д.Ганзориг болон дасгалжуулагч Л.Энхбаатар нарын удирдлага дор гурван долоо хоногийн хугацаанд нэгдсэн бэлтгэл хийгээд энэ сарын 27-нд нийслэлд ирэх ажээ.

Энэ жил улсын хэмжээнд Монголын бүх ард түмний XIII их наадмыг зохион байгуулах тул наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийн УАШТ-ийг наадмын хүрээнд зохион байгуулах болсон билээ. Тэгвэл, Монголын бүх ард түмний спортын их наадмын боксын тэмцээн нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд нийслэлд болох юм. Улмаар ширэн бээлийтнүүд гуравдугаар сарын сүүлээр Казахстанд болох олимпийн эрх олгох тэмцээний өмнө Европын цуврал зургаан тэмцээнд оролцох ажээ. Гуравдугаар сарын 30-нд Казахстанд эхлэх олон улсын тэмцээн нь Ази тивийн ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхээ авах эцсийн боломж юм. Одоогоор Монголын баг тамирчдаас 49 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, харин 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар Лондонгийн олимпод өрсөлдөх эрхээ авсан тул тус тэмцээнд оролцохгүй. Бусад жинд оролцох тамирчдын тухайд УАШТ-ий аварга тамирчдыг илгээнэ гэдгээ Монголын олимпийн боксын холбооныхон хэлж байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax